/ / “ХҮҮ МИНЬ ЧИ ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ”

“ХҮҮ МИНЬ ЧИ ТЭДЭНД ХЭРЭГТЭЙ”

Халууныг халуун гэж ажралгүй, хүйтнийг хүйтэн гэж халаглалгүй хот хооронд, улс хооронд, хот дотор хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бол яахын аргагүй жолоочид. Тэд суудлын машинаас эхлээд чиргүүлтэй тэрэг, автобус, микро, за тэгээд нисдэг тэргээс бусдыг жолооддог амьдралаа авч яваа ядарсан ч биш, задарсан ч биш энгийн л жолоочид...

Тэдэнд асар их хариуцлага бий. Автобус жолоодвол ард түмнийг осолгүй, амь насыг эрсдэлгүй хүргэж өгөх, тээвэрт гарвал хүний эд хөрөнгийг гэмтээлгүй хүргэх гээд л эхлэнэ дээ.

Гэхдээ тэдэнд өөрийн буруугаас ч биш зам тээврийн осол гаргах тохиолдол үе үе тохиолдоно.

Осол хаана ч гарч болно. Хот дотор бол нэг нэгнээ үл хүндлэхээс, онгирч сагсуурсанаас, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс, яарч сандарсанаас, харин орон нутагт бол ихэнх тохиолдол нь хурдаа хэтрүүлсэнээс болон холын замд явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс болж гардаг тухай жолоочид ярьж байна.

Түгжрэлд хэн дуртай байх билээ? Цаг, бензин гээд л алдагдал их байхын хажуугаар эгнээ эгнээ солин давхих жолоочийг хараад стресст орох үе ч байх юм.

Хурдаа нэмээд таны бүх ажил бүтсэн үү? Хэн нэгний урдуур шахаж ороод та бүх зүйлсээ амжуулсан уу? ээж чинь, аав чинь, эхнэр чинь, хүүхэд чинь, хайртай дотны хүн хэн нэгэн чинь сэхээн амьдруулах эмнэлэгийн орон дээр хэвтэж байна уу? Үгүй бол урд талын, хойд талын, хажуу талын жолоочоо хүндлээд эгнээ байраа зөв эзлээд явахад юу нь болохгүй гэж...

Зам тээврийн ослоор хайртай дотны хүмүүсээ  алдсаар байна. 2019 онд 561 хүн зам тээврийн ослоор нас барсанаас 49 нь хүүхэд, 3790 хүн хүнд болон хөнгөн гэмтсэнээс 744 нь хүүхэд байна. Ийм харамсалтай ч бодит тоон мэдэлээлэл байгаа юм.

Бид 21-р зуунд амьдарч, ажиллаж, сурч, боловсорч байна. Энэ эрин үед бид хүндэтгэл гэдэг зүйлийг эрхэмлэх нь юу юунаас чухал.

Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримталж, бусдыг хүндэтгэж, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь жолооч бүрийн үүрэг.

Яарсан ч гэсэн хурдаа тохируул, согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард бүү суу! Хэзээ ч очихгүй байснаас удаан ч болов очсон нь дээр шүү дээ.

Чи ээжийн энхрий үр, аавын алдрай хүү, хэн нэгний халамжит хань, хөөрхөн үрсийн хүндэт аав. “Хурдаа хас хүү минь чи тэдэнд хэрэгтэй”.

Хурдан бус хүрэх чухал.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12