/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Сүүлийн үед иргэдийн ӨВЧНИЙГ ДАЛИМДУУЛАН ЗАЛИЛАХ тохиолдол бүртгэгдэж байна.

Э.МӨНХ-ЭРДЭНЭ: Сүүлийн үед иргэдийн ӨВЧНИЙГ ДАЛИМДУУЛАН ЗАЛИЛАХ тохиолдол бүртгэгдэж байна.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э. Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа эдгээр өдрүүдэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг байх. Баянгол дүүргийн хувьд ямар төрлийн гэмт хэрэг их үйлдэгдэж байна. Мөн иргэдэд сэрэмжлүүлэг хүргэвэл.

Тиймээ хичээлийн шинэ жил эхэлж хаа хаанаа ажил ундарч байна. Эдгээр өдрүүдэд хөдөө орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгддэг бөгөөд үүнийгээ дагаад ч гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээнд өсдөг. Манай дүүргийн хувьд хотын төвийн дүүрэг. Нийслэлийн дөрвөн дүүрэгтэй хил залгаа оршдог. Үзвэр үйлчилгээний газар болон зорчих хөдөлгөөн ихтэй. Үүнийгээ дагаад гэмт хэргийн гаралт мөн ихэсдэг. Манай хэлтсийн хувьд нийт бүртгэгдэн шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнх хувийг залилах хэрэг эзэлж байна. Тиймээс иргэдэд хандаж хэлэхэд бусдад хууртваа гэж хэлмээр байна. Танихгүй боло дам дамаа хүнээр дамжуулан бусдад итгэсэний улмаас залилах гэмт хэргийн хохирогч болох эрсдэл өндөр байна гэдгийг хэлмээр байна.

Бусдыг залилах гэмт хэрэг танай хариуцсан хэлтсийн хувьд энэ онд хичнээн бүртгэгдэв?

Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хувьд энэ оны зургаан сарын байдлаар залилах гэмт хэргийн гаралт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 нэгжээр буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч мөн хэлтсийн Мөрдөн байцаах тасаг дээр шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнхийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байна. 2018 оны мөн үед залилах төрлийн гэмт хэрэг 316 хэрэг бүртгэгдсэн бол энэ онд 298 болж буурсан үзүүлэлттэй байна. Үүнээс 45 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, илрүүлэлт 15,3 хуьтай байна. Амралт зугаалгын цаг дуусч, ажил хичээлийн цаг эхэлсэн эдгээр өдрүүдэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байна.

Залилах гэмт хэрэг нь ихэвчлэн ямар аргаар үйлдэгдэж байгаа бэ?

Залилах төрлийн гэмт хэргийн үйлдэгдэж байгаа арга сүүлийн үед улам нарийсах болсон. Бүртгэгдэн шалгагдаж байгаа хэргийн дийлэнхийг БНСУ-д ажиллаж амьдарах биз гаргаж өгнө, зуучилна, ажилд оруулж өгнө гэж мөн олон нийтийн цахим сүлжээ болох Фэйсбүүк, Зар мэдэээллийн сайт ашиглаж хуурамч аккаунтаар үүсгэж, автомашин болон гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлс авна,  их дээд сургуулиудад хүүхэд элсүүлж өгнө, найдвартай их дээд сургуулиудын диплом гаргаж өгнө, гадаадын их дээд сургуулиудад оюутны тэтгэлэгт хамруулна,  сүлжээний бизнес, ломбарданд хуурамч эд зүйлс барьцаанд тавах зэрэг маш олон аргаар үйлдэгдэж байна. Үүнээс гадна сүүлийн үед иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж гэрээгээр халхавчилсан залилах төрлийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байна. Мөн настай иргэд болон хүндээр өвдсөн иргэдийн өвчинөөр далимдуулан залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон. Монголчуудын хувьд элэгний өвчлөл маш ихтэй, үүнийгээ дагаад элэгний эмчилгээний оочерт оруулж өгнө, гадаад улсруу хямд зардлаар эмчилгээнд явуулж өгнө гэх мэтээр иргэдийг залилах болсон.

Цагдаагийн байгууллагаас удаа дараагийн анхааруулга, сэрэмжлүүлгийг хүргэсээр байтал иргэд ер нь яагаад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна вэ? Энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа шалтгаан.

Иргэдийн хувьд бусдад итгэх, бага зардлаар аль болох их мөнгөтэй болох, ажлаа хөнгөвчлөх, хурдан бүтээх гэсэн хүсэлдээ хэт автах мөн таньдаг хүнээрээ дамжуулж танилцаж улмаар итгэж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсоор байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тухай бүрт нь зохион байгуулж ажилладаг. Өнгөрсөн дөрвөн сард улсын хэмжээнд “Залилан” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Манай хэлтсийн зүгээс ч уг арга хэмжээний хүрээнд ажил зохион байгуулж ажилласан. Өмнө нь урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг зохион байгуулж байсан, одоо ч зохион байгуулж байгаа, цаашид ч хийнэ. 2019 оны “Хичээлийн шинэ жил” эхэлсэнтэйгээр холбогдуулан мөн Мөрдөн байцаах албаны түүхт 73 жилийн ойн баярын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалах, бусдад хууртахгүй байх үүднээс сэрэмжүүлэг хүргүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 1 сарын төлөвлөгөөт ажлын аяныг зохион байгуулан ажиллаж байна.  

БНСУ-д ажиллаж амьдарах биз гаргаж өгнө, зуучилна гэж бусдыг залилдаг гэлээ. Тэгвэл  иргэд энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

Дээр хэлсэнчлэн бусдад итгэх, бага зардлаар аль болох их мөнгөтэй болох, ажлаа хөнгөвчлөх, хурдан бүтээх гэсэн хүсэлдээ хэт автсан иргэд ажлаа хөнгөвчлөх, зарим нэг материал нь шаардлага хангахгүй болохоор виз гаргаж өгнө гэсэн заруудад ханддаг. Ялангуяа БНСУ-д зорчих виз гаргуулна гэж их хандаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байна. Иргэдэд хандаж хэлэхэд БНСУ-д виз гаргадаг албан ёсны элчин сайдын яам болон харъяаллах байгууллагаар нь дамжуулан хуулийн дагуу материалаа бүрдүүлэн өгч виз хүсвэл энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх бүрэн боломжтой. Элчин сайдын яам болон зөвшөөрөгдсөн газруудад нь хандаж эдгээр байгууллагаар л үйлчлүүлэх хэрэгтэй. Гэмт хэргийн хохирогч болж, эд материал, сэтгэл санаагаар хохирч байхаар эрх бүхий байгууллагад нь хандаж визний материалаа бүрдүүлэн өгч хариугаа хүлээх нь нэн чухал шүү.

Залилах төрлийн гэмт хэрэг их байна гэж та хэлж байна. Тэгвэл танай тасгаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулах зорилгоор ямар ажлыг хийж хэрэгжүүлэв.

Манай хэлтсийн Мөрдөн байцаах тасгаас залилах гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор 2019 оны 1-р улиралд хоёр удаагийн яриа, ухуулга сурталчилгааны ажил, гудамж талбайд энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх талаар тараах материал тарааж урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг хийсэн.

Дээр хэлсэнчлэн 2019 оны “Хичээлийн шинэ жил” эхэлсэнтэйгээр холбогдуулан мөн Мөрдөн байцаах албаны түүхт 73 жилийн ойн баярын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдээ хамгаалах, бусдад хууртахгүй байх үүднээс сэрэмжүүлэг хүргүүлэх урьдчилан сэргийлэх зорилгоор 1 сарын төлөвлөгөөт ажлын аяныг зохион байгуулан ажиллаж байна. Энэ арга хэмжээний хүрээнд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэрт иргэдэд гарын авлага хийж тарааж өгсөн, мөн Монголын рок попын залуу дуучдын нэгдсэн тоглолт болох XMF тоглолын үеэр “Та хууртав аа”, “Визинд арын хаалга байхгүй” гэх урьдчилан сэргийлэх самбарыг хийж иргэдэд сэрэмжлүүлэг хүргэсэн. Хамгийн ихээр энэ төлрийн гэмт хэрэг үйлдэгдэж бүртгэгддэг хороод болох 1,2,3,11,16,17,18-р хороонд байрлах аж ахуйн нэгжийн ажилчин алба хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт тус тасгийн мөрдөгч нар нь уулзалт зохион байгуулж яриа урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Цаашид улирал бүрт энэ төрлийн гэмт хэргээс урьдчлан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  

 Мөрдөн байцаах албаны түүхт 73 жилийн ойн баяр тун удахгүй болох гэж байна. Та албаныхандаа болон хамт олондоо мэндчилгээ дэвшүүлвэл.

Тиймээ тун удахгүй буюу энэ сарын 12-ны өдөр түүхт 73 жилийн ой тохиох гэж байна. Мөрдөн байцаах албанд зүтгэж байгаа мөрдөст ахан дүүс, дарга нартаа мөн үе үеийн алба хаагчиддаа ойн баярын мэндийг хүргэж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн иргэдийнхээ аюулгүй байдлыг төлөө цаг наргүй зүтгэж байгаа Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсмээр байна. 

-Ярилцсанд баярлалаа.

arslan.mn

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12