/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / 12, 14 настай эгч дүүс 21 удаа хулгайн гэмт хэрэг үйлджээ.

12, 14 настай эгч дүүс 21 удаа хулгайн гэмт хэрэг үйлджээ.

Насанд хүрээгүй хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох нь сүүлийн үед өссөөр байна. Тэр дундаа хулгайн гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдсээр байгаа аж. Тодруулбал, бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэгт жилд 300 орчим хүүхэд холбогддог байна.

Хамгийн сүүлд л гэхэд, БЗД дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 12, 14 настай эгч дүүс 21 удаагийн үйлдэлтэй орон байрны хулгайн гэмт хэргийг үйлдсэн байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. 

Тус гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хувьд хоёулаа эмэгтэй, нэг айлын хүүхдүүд байсан бөгөөд аавтайгаа хамт амьдардаг байжээ.

Аав нь шил, лааз түүж амьдралаа залгуулдаг, өдөрт дунджаар 5 мянган төгрөгийн орлого олдог нь амьдралд нь хүрэлцдэггүй тул охидууд өлсөхийн эрхэнд хулгай хийдэг байсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тэд БЗД-ийн 10, 12, 20, 28 дугаар хорооны нэр бүхий айлуудаас гоёл чимэглэл, хувцас хэрэглэл гэх мэт зүйлсийг хулгайлж, Нарантуул худалдааны төв дээр очиж зарж борлуулдаг байсан бөгөөд 500 мянган төгрөгийн үнэ бүхий зүйлийг хулгайлаад 5 мянган төгрөгөөр зарж, хуушуур авч идсэн тохиолдол ч байсан аж.

Сурч боловсрох насан дээрээ хулгай гэх хар мөртэй гэмт хэрэгт холбогдож насан туршдаа арилахааргүй "хар тамга" даруулж яваа охидуудыг буруутгах уу, насанд хүрэх нь байтугай эрхэлж тоглох нас нь дөнгөж эхэлж буй цэцэг цэврүү шиг охидынхоо хүүхэд насыг бүр мөсөн "хулгайд" алдаж яваа аавыг хараа хяналт тавьж чадаагүй гэж буруутгах уу. Ямартаа ч бидний ирээдүй хойч алхам алхмаар буруу замаар будаа тээсээр байна. Энэ бол цэвэр эцэг эхийн хараа хяналт болон хариуцлагын асуудал юм.

Т.Гэрэл zaluu.com

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12