/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / Д.Будзаан: Цахим орчинд нэвтэрч буй сурагчдыг гар утсаар нь хянах ажил хийгдэж байгаа.

Д.Будзаан: Цахим орчинд нэвтэрч буй сурагчдыг гар утсаар нь хянах ажил хийгдэж байгаа.

-Хүүхэд цахим орчинд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирогч болж байна вэ?

-Цахим гэмт хэрэг 2013 оноос үйлдэгдэж эхэлсэн. Энэ нь хүүхдүүд сошиал сүлжээг идэвхтэй ашиглаж байгаатай холбоотой. Уг нь ЕБС-ийн сурагчид сошиалд 200 орчим найзтай байх ёстой гэсэн судалгаа байдаг. Гэтэл одоо нэг хүүхэд л 4000 гаруй найзтай байна. Ингэхдээ таньдаг, танихгүй хамаагүй хүмүүсийг найзаараа бүртгээд авчихсан. Үүний улмаас таны хүүхдийг цахим орчинд танихгүй хүн хүмүүжүүлж, танихгүй хүн буруу зүйлд уруу татаад байна уу гэсэн асуудал тулгарч байгаа юм. 

Хүүхэд эцэг эхийн хяналтгүйгээр олон нийтийн цахим сүлжээг ашигласнаар хүчирхийлэл, садар самуун агуулсан мэдээлэлтэй танилцах, хувийн мэдээллээ алдах, улмаар залилан мэхлэлтэд өртөж санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах, гүтгэлэг,  доромжлолд өртөх, бэлгийн болон сэтгэл зүйн дайралтад өртөх, бодит бус, ухуулга мунхруулгад автах, аюултай хүмүүстэй холбогдох эрсдэлтэй.

-Үүнийг хянах боломжтой юу? 

-Мэдээж эцэг эхчүүд үүнийг хянах боломжтой. Шөнө 03.00 цагт интернэт нь асаалттай гэрэл нь унтраагүй тэр олон цонхыг яах вэ. Үүний цаана хүүхэд PC тоглох, хэн нэгэнтэй чатлах, болох болохгүй зүйл үзэх зэрэг эрсдэлүүд бий. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ байнга харж, хянаж хамгаалах шаардлагатай байна. Ер нь анзаараад байхад цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эхчүүд хүүхдүүдээсээ дор мэдлэгтэй байдаг. Тэгэхээр эцэг, эхчүүдийн хариуцлага болоод энэ төрлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлага гарч байна. 

Фэйсбүүкээр танилцаад улмаар тэр хүнтэйгээ уулзаж, хүчирхийлэлд өртсөн, эд зүйлээ дээрэмдүүлсэн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Жишээлбэл, таны охин гудамжаар явж байхад хэн нэгэн хүн өдөж, хоргоогоод танилцъя, утасны дугаараа өгчих, уулзая гэвэл бид шууд дургүйцэж, хуулийн байгууллагад хандана. Гэтэл цахим сүлжээний ард энэ төрлийн гэмт хэрэг өдөр тутам тохиолдож байгааг эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. 

-Тэгэхээр хүүхдийн хүчирхийлэл, гэмт хэргийн дийлэнх нь цахим орчны цаана үйлдэгдэж байна гэж ойлгож болох уу? 

-Үгүй. Хүүхэд зөвхөн цахим орчинд гэмт хэрэгт өртдөггүй. Хүүхэд хохирч байгаа гэмт хэргийн 70 хувь нь гудамж талбайд, 30 хувь нь гэр, орон сууцанд үйлдэгддэг. Гэр, орон сууц гэдэг нь гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн зөрчил маргаан гэсэн үг. Анзаараад байхад эцэг, эхчүүд бага насны хүүхдээ ганцааранг нь сургуульд нь явуулчихдаг. Энэ нь гудамж талбайд гэмт хэргийн хохирогч болох нөхцлийг бүрдүүлж өгдөг. 

-Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ? 

-Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна. Ер нь төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа дутагдалтай байна. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “Зөв тусгал” нөлөөллийн аяныг эхлүүлээд байгаа.

-Аяныхаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Эцэг эхчүүд гэдэг бол хүүхдийн тусгал байдаг. Эцэг, эхийн харилцаа, хандлагаас хүүхэд үлгэр дуурайлал авч байдаг. Хүүхэд бол нийгмийн тусгал толь юм. Тэгэхээр тэр тусгал зөв байх ёстой. Зөв тусгалаар хүүхдээ хүмүүжүүлэх ёстой гэдэг үүднээс хүүхэд хамгааллын “Зөв тусгал” аяныг зохион байгуулж байгаа юм. Нэг сарын хугацаанд үргэлжлэх уг аяны зорилго нь эцэг, эхчүүдэд чиглэж байгаа. 

Хүүхэд эцэг эхийн буруу тусгалаас шалтгаалж хүүхэд гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргийн хохирогч болж үлддэг. Бага насанд нь хүүхэдтэйгээ зөв харьцаж байгаагүйгээс өсвөр насанд нь үл ойлголцох, харилцаа хөндийрөх зэрэг асуудлууд тулгардаг.

-Хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирогч болж байна. Энэ хохирч байгаа хүүхдүүдийн ард хүүхэддээ хараа хяналт тавьдаггүй, анхаардаггүй эцэг, эхчүүд байна. Тийм үү?

-Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд үүнд өртөж, хохирсон байна. Дийлэнх нь 16-18 насныхан байна. Цагдаагийн байгууллагад хүүхэд сураггүй алга болж байгаа гэсэн мэдээлэл жилд 1000 орчим бүртгэгддэг. Үүний 90 орчим хувийг нь тухайн үед нь олж өгдөг. Үлдсэн 10 хувьд нь цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах, эрэн хайх ажиллагаа явуулж олж өгдөг. Цагдаагийн байгууллагад анх ирсэн мэдээллээс харахад хүүхэд тань гэрээсээ гарахдаа ямар хувцастай, ямар содон шинж тэмдэгтэй хүүхэд вэ гэж асуудаг. Харамсалтай нь, эцэг эхчүүд хүүхдээ ямар хувцастай явсныг мэддэггүй. Хүүхдийнхээ өндрийг баримжаалсан, хаашаа хэнтэй уулзахаар явсан, найз, нөхдийг нь ч мэдэхгүй байдаг. Эрэн хайх ажиллагаа 0-ээс эхлээд явдаг. Эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай нь үүнээс л харагддаг.

-Цаашид эцэг, эх бид юу хийх шаардлагатай вэ?

-Бид хуулиа мөрдөх хэрэгтэй. Эцэг, эх байх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүний тулд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Хандлагаа өөрчлөөгүйгээс эцэг эхчүүд их алдаа гаргадаг. Хүүхдийнхээ дэргэд архидан согтуурч, хэрэлдэж, маргалдан, хүчирхийлэл үүсгэж байна. Хүүхдийн нүдэн дээр аюултай өнцгийг харуулж байна. Энэ нь эргээд хүүхэд өөрөө хүчирхийлэгч болох, зөв хүн болж төлөвшихгүй байна.

Мөн үл хайхарч аливаа зүйл дээр нь гачигдуулдаг, үл тоодог асуудал бий.  Мэддэг юм шиг хэрнээ мэдэхгүй байгаа зүйл олон байгаа. Тэгж байгаад л хүүхэдтэйгээ гоё ярилцана. Тэгж байгаад хүүхдийнхээ хичээл номд анхаарна гэдэг. Гэтэл цаг хугацаа таныг хүлээхгүй. Нэг л өдөр 16 нас хүрчихсэн хүү чинь таныг үл тоодог хэн нэгэн болох вий гэдэг дээр эцэг, эхчүүд анхаарал хандуулж, зөв алхам хийж, зөв тусгал байгаасай гэж хүсч байна.

 -Цахим сүлжээнд нэвтэрч буй ЕБС-ын сурагчдын гар утсыг хянах ажил хийгдэнэ гэж байсан. Тэр ажлын явц хэр байна вэ?

-Энэ ажил хийгдээд явж байгаа. Хүүхдүүд 3G, 4G сүлжээгээр дамжуулан мэдээллийг авч байдаг. Энэ нь гар утсаараа мэдээлэл авч байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн дугаарыг бүртгэлжүүлээд түүнийх нь ард шүүлтүүрийн программ суулгах юм. Ингэхээр тухайн хүүхэд соён гэгээрүүлэх мэдээлэл авах нь нээлттэй. Харин ямар нэгэн байдлаар цахим хуудас нээх, хориотой сайтууд руу орох, янз бүрийн хүчирхийллийн мэдээ, мэдээллийг үзэх боломжгүй болгохоор зохицуулалт хийж байна.

Энэ ажлыг хийхэд тулгарч буй нэг бэрхшээл нь эцэг, эхчүүд өөрийн нэр дээр байдаг дугаараа хүүхэддээ бариулчихдаг. Энэ дугаарын цаана хүүхэд байгаа үгүйг мэдэх боломжгүй байгаа юм. Тиймээс эцэг, эхчүүд үүрэн холбооны операторуудад хандан хүүхдийнхээ дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай. Энэ ажил 2019, 2020 онд багтаад бүрэн ажил хэрэг болно. Одоогоор шүүлтүүрийн программ бол бэлэн болчихсон байгаа.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12