/ Шинэ мэдээ мэдээлэл / Цаг үе нөхцөл байдал / "Хүчирхийлэгч нэг л өдөр хүчирхийлэгч болчихдоггүй"

"Хүчирхийлэгч нэг л өдөр хүчирхийлэгч болчихдоггүй"

Цагдаагийн ерөнхий газар, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан , Дэлхийн Зөн Монгол ОУБ хамтран "Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөгөөнийг өнөөдөр /2019.05.07/ зохион байгуулаа.

Тус зөвлөгөөн нь хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж буй шалтгаан нөхцөлийг арилгахад чиглэгдсэн ажээ.

Уг зөвлөгөөнд хүүхэдтэй холбоотой гэмт хэргийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэрхэн нэвтрүүлэх талаар ЦЕГ-ын мэргэжилтнүүд болон олон улсын байгууллага, сэтгэл зүйчид санал солилцож, мэдээлэл хүргэлээ. Зөвлөгөөний үеэр оролцогч талуудын илтгэлийг сонслоо.

ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙГ СЭТГҮҮЛЧИД БИД ХЭРХЭН МЭДЭЭЛЭХ ВЭ?

Сэтгэл зүйч Г.Наранбаатар “Таны бичиж буй сөрөг мэдээлэл хүүхдийн сэтгэл зүйлд шүүлтүүргүйгээр хүрч байна. Монголчууд бие биедээ хар бараан мэдээлэл түгээх бус эерэг мэдээллийг түгээж байх хэрэгтэй. Сэтгүүлч таны бичиж буй нийтлэл бусад хүмүүсийг бухимдуулахаас илүүтэй бусад хүмүүсийн амьдралд өнгө нэмдэг байгаасай.

Магадгүй таны нийтлэлийг уншаад хүүхдүүд амиа хорлох шийдвэрээсээ буцдаг байгаасай. Хүүхэд бол таны тусгал. Хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлье гэвэл эцэг эх та өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Заримдаа бид “ялзарсан” мэдээг уншиж, өөрийнхөө сэтгэл зүйг гэмтээдэг. Хүүхдүүддээ зөв сайхан хүмүүжүүлэхийн тулд тэдэнд тодорхой хэмжээний цагийг зарцуулдаг байя. Та бүхэн бичиж байгаа зүйлсийнхээ хор уршгийг бодож эерэг мэдээлэл хүргэхийг уриалж байна” гэлээ.

ХҮҮХДИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ  СЭРЭМЖЛҮҮЛЭХ БАЙДЛААР МЭДЭЭЛЭХДЭЭ  ТУХАЙН ХҮНИЙ ХУВИЙН ОРОН ЗАЙ РУУ НЬ ХЭТ ХАЛДАЖ БОЛОХГҮЙ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар“Монгол Улсад 2018 оны байдлаар 849600 гэр бүл амьдарч байна. Үүний 67 хувь нь хот суурин газар, 33 хувь нь хөдөө орон нутагт суугаа. 72 мянга гаруй өрх толгойлсон эх, 19 мянга гаруй өрх толгойлсон эцэг байгаа. Өнөөдөр 0-18 насны 3000 гаруй бүтэн өнчин хүүхэд байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй 11 мянга 435, хараа хяналтгүй 74 хүүхэд байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо мэдээллийг хүргэхэд 2018 оны байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэх 946, ял шийтгүүлсэн 295 хүүхэд бий. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон долоон хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн.

Хүүхэд өөрийн нэр төр, хувийн харилцааны нууцаа хамгаалуулах эрхтэй субъект юм. Өөрөөр хэлбэл, эцэг эх, асран хамгаалагч хамгаалах үүрэгтэй. Хүүхдийн хувийн орон зай руу халдсан тохиолдолд ямар асуудал учирдаг вэ гэдэгт ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн онд болсон асуудал. Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй орон нутагт амьдардаг байжээ. Түүний асуудал тухайн орон нутагт ил болсноор сум даяар эмэгтэйг сэтгэл зүйн хүчирхийлэлд автуулсан байдаг. Ингээд эмэгтэй байж суухын аргагүй болоод зэргэлдэх сумандаа очоод нэг хүнтэй гэр бүл болоод үр хүүхэдтэй болоод амьдарч байж. Гэтэл нөхөр зэргэлдээх сумын багштай хамт нийлж, архи уух явцад эхнэрийнхээ өмнөх амьдралыг мэдсэн байгаа юм. Энэ байдлаас болж гэр бүлийн харилцаанд асуудал гарч нөхөр нь эхнэрээ байнга хэл амаар гутаан доромжилдог, бие махбодийн хүчирхийлэлд автуулж эхэлсэн. Үүний дараа өнөөх эмэгтэй суман дах настай ээжийгээ дуудан нялх хүүхдээ өгөөд амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан.

Сэтгүүлчид надаас нэг зүйлийг сонирхсон асуудаг. Тодорхой кейс гарахад тэр гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг надаар яриулах гээд байдаг. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэгт нэг л тохиолдолд ГБХЗГ оролцох эрхтэй. Энэ нь тухайн хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн эцэг эх, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа талаар мөрдөгч, прокурор тогтоол гаргасан тохиолдолд манай байгууллага оролцох ёстой байдаг” гэж ярилаа.

ХҮҮХДИЙГ ЭРХИЙГ ХАМГААЛАХАД СЭТГҮҮЛЧДИЙН ДУУ ХООЛОЙ МАШ ЧУХАЛ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа “Хүүхдийг эрхийг хамгаалахад сэтгүүлчдийн дуу хоолой маш чухал. Өнгөрсөн онд хүчиндэх гэмт хэргийн хохирогчоор 12 эрэгтэй хүүхэд бүртгэгдсэн. Нийтдээ 298 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болсон. Энэ он гарсаар энэ тоо мөн өссөөр байна.

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй энэ гэмт хэргийн шинжийг харахад улам бүр нас нь залуужиж балчир хүүхэд хүчирхийлэлд өртөж байна. Энэ төрлийн гэмт хэргийг ажилгүй, архины хамааралтай хүмүүс үйлдэж байна гэж судлаачийн үүднээс харж байгаа. Цаашид хууль тогтоомжийг сайжруулах шаардлага гарч байгааг онцолмоор байна” гэлээ.

ХҮҮХЭД ЮУ СОНССОН, ХАРСАН ТҮҮНИЙХЭЭ ДАГУУ ТӨЛӨВШИЖ БАЙДАГ

Гэр бүл судлаач, доктор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хүн бүр санаа зовж байна. Одоо бид яах вэ гэдэг асуудлыг нийгэм даяар хэлэлцэх цаг үе тулгарч байна.

 

Аз жаргалтай хүүхдийн уураг тархи амжилттай сурдаг гэдэг үг байдаг. Аз жаргалтай хүүхэд гэдэгт эцэг эх нь нэгнийгээ хайрлаж, амар амгалан тайван орчинд өсч буй хүүхдийг хэлдэг. Ийм хүүхэд өөртөө итгэлтэй, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй байдаг. Харин ганцаардсан, хүчирхийлэлд өртсөн хүүхэд хэн нэгэнд гомддог ингэж өсч бойждог юм.

ХҮҮХЭД ТАНЫГ ОЙЛГОХ БИШ ТА ХҮҮХДИЙГ ОЙЛГОХ ЁСТОЙ

 

НЦГ-ын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.

-“Хүүхдэд ээлтэй сэтгүүлч” зөвлөгөөнийг яагаад зохион байгуулах болсон талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагаас “Зөв тусгал” аяныг улсын хэмжээнд бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг жил бүр өсч байгаа. Хүүхэд өөрөө том хүний тусгал юм. Хүүхэд эцэг эх нийгмээ харж төлөвшдөг. Энэ хүрээнд эцэг эх асран хамгаалагч руу чиглэж “Хүүхэд таныг ойлгох биш та хүүхдийг ойлгох ёстой” гэсэн мессежийг өгье гэсэн зорилготой хэрэгжүүлж байна.

-Энэ зөвлөгөөнөөр дамжуулж сэтгүүлчдэд ямар мессеж өгөхийг зорьсон бэ?

-Манай сэтгүүлч нар аливаа хүчирхийллийн гэмт хэрэг гарлаа гэхэд сенсацитай болгоод биччихдэг. Сэтгүүлчдийн цацаж буй мэдээлэл эцсийн дүндээ хүүхдийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр тавигдаж байна уу, эсвэл зарим нэг гаж донтой этгээдэд сэдэл төрүүлэхүйц гарч байна уу гэдэгт анхаарах хэрэгтэй. Олон улсын жишээ нь дээр харахад зарим гаж донтой хүмүүс хэвлэл мэдээллээр гарсан хүүхдийн хүчирхийллийн мэдээг сонирхож үздэг түүнээсээ ташаал авч, тухайн үйлдлийг хэрэгжүүлэх гэж оролддог.

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12