/ Шинэ мэдээ мэдээлэл / Гэмт хэргийн мэдээ / ОЛОН НИЙТИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН 1032 ШИРХЭГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИД, БҮСГҮЙЧҮҮДИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ ЦУГЛУУЛСАН ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

ОЛОН НИЙТИЙН ЦАХИМ СҮЛЖЭЭГЭЭР ДАМЖУУЛАН 1032 ШИРХЭГ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИД, БҮСГҮЙЧҮҮДИЙН НҮЦГЭН ЗУРГИЙГ ЦУГЛУУЛСАН ЭТГЭЭДИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Олон нийтийн цахим сүлжээ буюу фэйсбүүк хуудсаар дамжуулан охидтой дотно харилцаж, хэсэг хугацааны дараа зураг бичлэгээр нь сүрдүүлж бэлгийн харьцаанд ордог, заримаас нь мөнгө авдаг этгээдүүд сүүлийн үед нэмэгдэх болсон бөгөөд ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар хэргүүдийг тухай бүрт нь илрүүлж, шалгаж байна. Тухайлбал, 

1. Улаанбаатар хотын харьяат, 35  настай, эрэгтэй "М" нь зарын болон мэдээллийн вэб сайт ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар холбогдох шалгалтын ажиллагааг шуурхай явуулж, гэмт этгээдийн байршлыг тогтоон, дайчлан баривчилсан. Шалгалтын явцад гэмт этгээдийн гар утас болон компьютерт садар самуун агуулгатай бага бус хэмжээний файл илэрснийг эд мөрийн баримтаар хураан авч, хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна. 

2. Хуурамч фэйсбүүк хаяг ашиглан бага насны охидтой дотно харьцаа тогтоож, эцэг эхээс нь далдуур хувцастай болон нүцгэн зургийг нь цуглуулж, охидыг сэтгэл санааны дарамтад оруулж байсан хөдөө орон нутгаар уурхайн туслах ажилтан хийж явдаг 32 настай, эрэгтэй "Г" гэгчийг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар орон нутгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, гэмт этгээдийг үйлдэл дээр нь баривчилж, эд мөрийн баримтаар түүний хууль бус үйл ажиллагаанд ашиглагдаж байсан гар утсыг хураан авсан байна. 

3. Сүхбаатар аймгийн харьяат, 17 настай, эрэгтэй "Х" нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой танилцаж, нүцгэн зургийг авч цуглуулдаг, зургийг нь ашиглан дарамталж бэлгийн харьцаанд орох, мөнгө авах зэрэг үйлдэл хийж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлэн хууль бус үйлдлийг таслан зогоосон байна. Уг этгээдийн хууль бус үйлдэлдээ ашиглаж байсан гар утсанд хийсэн үзлэг, шалгалтаар 1032 ширхэг насанд хүрээгүй байж болзошгүй охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зураг болон өөр бусад садар самуун агууламжтай файлуудыг илрүүлсэн ба хэд хэдэн хүнийг хохирогчоор тогтоон шалгалтын ажиллагааг явуулсан байна. 

4. Улаанбаатар хотын харьяат, 37 настай, эрэгтэй "Э" нь хохирогчийн хувийн секс бичлэгийг ажил, үүргийнхээ хүрээнд олж авч, хуурамч фэйсбүүк хаяг ашиглан олон нийтэд тараана гэж дарамтлан мөнгө өгөхийг шаардан, дарамталж байсныг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлж, хууль бус үйлдлийг таслан зогсоосон байна.

Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, 2017 онд 299 цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг бүртгэгджээ. Монгол улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна. Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй, гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж хохироод үлдэж байна. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газраас хамтран энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор UNFRIEND хөдөлгөөнийг зохион байгуулж байна. 

Статистик мэдээ
  • Хулгайлах гэмт хэргийн мэдээ
  • Согтуугаар үйлдсэн гэмт хэргийн статистик тоон мэдээ
    гомдол 12